Онцлох мэдээ: Урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрч, мөс хэврэгшиж байгаа тул  цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-02-21

Ажиглалтын мэдээ > Голын усны тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-02-22 12:06:53

Хэвлэх

Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2021-02-21

2021 оны хоёрдугаар сарын дунд арав хоног

  1. Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрч,  30-125 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2020 оны мөн үеийнхээс 5-20 см нимгэн харин  Дэлгэрмөрөн голын хувьд 15 см ахиу зузаантай байна. Хөвсгөл нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5 см нэмэгдэж, Хатгал тосгон  болон Ханх сум орчимд 95-100 см зузаан мөстэй болжээ.  

Хангай нурууны араас усжих Хойттамир, Урдтамир, Чулуут болон Идэр голын адгаар мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос 5 см орчим нимгэрсэн бол бусад голуудад мөсний зузааны өөрчлөлт багатай байсан ба 50-140 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна. Эдгээр голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үетэй харьцуулбал харьцуулбал 15-50 см ахиу харин Ус судлалын Хануй-Эрдэнэмандал, Идэр-Их-Уул, Чулуут-Өндөрулаан харуул орчимд 15-20 см бага байна. Тэрхийн-Цагаан, Өгий нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см орчим нэмэгдэж, 120-135 см зузаантай болсон байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул, Сэлбэ, Улиастай, Шивэрт, Сөгнөгөр зэрэг голууд ёроолдсон байдалтай, 35-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа бол Хараа, Туул голын адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-15 см нэмэгдсэн ба дээрх голуудын мөсний зузааныг 2020 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-35 см нимгэн, Шарын гол, Тэрэлж, Туул голын нийт уртын дагууд 15-55  см ахиу зузаантай байна .

Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд 40-155 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос  5 см орчим нэмэгдсэн ба энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-15 см ахиу харин Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл болон Зүүнбүрэн сум, Орхон гол Өлзийт сум орчимд 5-25 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.  

   2.Номхон далайн ай савын гол, мөрөн

   Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Барх, Балж, Онон, Хэрлэн болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-50 см нэмэгдэж, 40-170 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон бол бусад голуудын хувьд мөсний зузааны өөрчлөлтгүй шахам байсан байна.  Эдгээр голуудын мөсний зузаан 2020 оны мөн үеэс  5-40 см зузаан бол Эг, Балж, Онон гол Биндэр сум орчимд 5-25 см нимгэн байна. Буйр болон Хөх нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5 см нимгэрч, 110-115 см зузаантай болжээ.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав           

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр, Долооннуур, Чонохарайх, Төгрөг зэрэг голууд 30-140 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба Ховд, Буянт, Булган, Долооннуур голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдсэн бол бусад голууд 5-10 см нимгэрсэн байна.  Эдгээр голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5-20 см нимгэн харин  Буянт, Сагсай, Чигэртэй, Чонохарайх голын хувьд 5-55 см ахиу байна.  Хар ус нуур Дөргөн сум орчимд 95 см зузаан мөстэй байгаа нь өнгөрсөн хугацаанаас мөсний зузаан төдийлөн нэмэгдээгүй байна.  

Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги, Зэгстэй, Таац болон Ойгон, Тайган, Хөх нуурт 35-190 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон нь өнгөрсөн хугацааныхаас 5-10 см нэмэгдсэн байна. Хангайн өврийн голуудын мөсний зузаан 2020 оны мөн үеийнхээс 10-50 см зузаан байгаа бол Буянт, Шарга, Заг, Цагаантуруут, Онги голын нийт уртын дагууд 10-80 см нимгэн байна. 

Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см орчим нэмэгдэж, 25-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-15 см ахиу харин Хархираа голын хувьд 10 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Увс, Хяргас нуур 50-80 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см орчим нэмэгджээ.   

2021  оны хоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар манай орны зарим гол мөрний мөсний зузааны эрчимшил буурч нимгэрсэн  ба нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба урин дулаан цаг ирж буйтай уялдаад мөс хэврэгшиж байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс,  2021-02-21

 

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/03/01

2 цаг

-18 0
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/02/28

-9 15
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store